Archive for the ‘Титэм үг’ Category

Бие даалт нөхөх тухай

2010 оны 4-р сарын 20, 22, 23-нд хоцорсон бие даалт нөхөж үзнэ. Хоцорсон бүх бие даалтаа үзүүлнэ үү.

Хүндэтгэсэн

Б.Галсанбат

Advertisements

Өөртөө итгэ

Өөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг.

Хаанаас илгээсэн ад зэтгэрийн хорлол вэ? Хаа нэгтэйгээс, хэн нэгний илгээсэн хорлол биш. Энэ бүхэн өөрөөс чинь, өөртөө итгэдэггүйн хар гайгаас үүсэл үүдэлтэй. Өөртөө итгэдэггүй хүн хайран биеэ зөнд нь орхин хөсрийн юм шиг зэврүүлнэ. Тийм хүний зүрх зориг нь мохож гүйцсэн байдаг. Эрүүл саруул ухаан санааны орон зайг нь өөрийгөө дорд үзэх нэхширсэн бохир заваан үзэл шахан түрж эзэлсэн байна. Тийм хүмүүсийн хөшүүн молхи ухаанд ирээдүйн гэрэл гэгээг харах нь байтугай өнөөдрийг харах хараа нь ч алга болно. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчилгүй зогсох боломж бололцоо бий юу? Хэн бүхэнд гар дор нь байгаа. Өөрийнхөө хүчинд итгэ. Өөртөө итгэхүйд суралц. Өөртөө итгэхгүй байж бусдад яаж итгэх юм бэ? Өөртөө итгэдэггүй хүн өөрийгөө ч хайрлаж мэддэггүй. Өөрт байхгүй юмыг бусдад өгч чаддаггүйтэй адил өөрийгөө хайрлахгүй байж яаж бусдыг хайрлах билээ дээ. Ийм байдлаасаа болоод хүн итгэл хөсөрдсөн, хайр дутсан орон зай руу аажим аажмаар гулсан орж явчихна. Тийм орчинд амьдарч байгаа хүнээс аз жаргал алсын алсад холдож хөндийрөн хүнийсэнэ. Ер нь итгэл хайрыг эвдэн бусниулах нь тэр хүнд учруулж болох хамгийн том хөнөөл гэдгийг ухаантай хүн болгон бодож явууштай.

Өөртөө итгэдэггүй хүн гутранги үзлийн боолчлолд талхигдан зовж явах гунигт тавилантай. Гутранги үзэлтэн амьдралын гэрэл сүүдэртэй аль ч асуудлыг болохгүй бүтэхгүй талаас нь эхэлж хардаг хууч зуршилтай болчихдог зовлонтой. Гутранги хүн өөртөө тамыг л бүтээж насаа илээдэг. Хүний амьдралд төөрөх түмэн сэжүүр, будилах буман салаа бий. Урхи занга энд тэндгүй. Ангал хавцал хаа сайгүй. Өөртөө итгэлтэй хүн энэ бүхнийг тойрч гарах ухаантай, туулж давах зоригтой, тэсч үлдэх тэвчээртэй байна. Өөртөө итгэлгүй хүний хүсэл мөрөөдлийн мод хэзээ ч нахиалахгүй, жимсэлж цэцэглэхгүй, хатаж ёрдойн хоцорно. Өөртөө итгэлгүйгээр хийсэн бүхэн дутуу дулимаг. Төгс төгөлдөр болно гэж хэзээ ч үгүй. Өөртөө итгэлгүй хүний үйлдэл бүхэн дутуу сүнстэй, доголон явдалтай. Өөртөө итгэлгүй хүн биеэ үргэлж голж чамлан, чадахгүй мэдэхгүй гэх зохиомол хүлээсээр өөрийгөө чивчиртэл хүлж багласан байдаг юм.

Өөртөө итгэлгүй хүн шийдмэг бус, зоримог бус. Эрсдэл хийх чадваргүй. Тиймээс бүтээлч бус. Шийдвэр гаргахдаа удаан. Эргэж хургаж, эргэлзэж тээнэгэлзэж байж сая нэг юм шийдэхчээн болдог. Цаг алддаг. Алдсан цагийн хором бүрээр шийдвэрийн үр дүн хорогдоно. Өөртөө итгэлгүй байх нь ямар их хохиролтойг харж байна уу? Тийм хүмүүс эцэс сүүлдээ өөрийгөө нарт орчлонд байх нь хэрэгтэй, хэрэггүйгээ ч ялгаж салгахаа болих хүртлээ донгиордог.

Тэгвэл чи энэ орчлонд хэрэгтэй. Чамгүй бол орчлон ертөнцөд хөг аялгуу дутна. Чиний орон зайг хэн ч нөхөж чадахгүй гэдгийг эхлээд ой тойндоо уусан шингэтэл ойлгон мэдэр. Тэгээд өөртөө итгэх итгэлээ алхам алхмаар сэргээ. Өөрийгөө бусдаас дутуу гэж үнэлж явах нь тийм ч муу, тэнэг адгийн араншин биш. “Би өөрийгөө дандаа хүнээс дутуу гэж үнэлж явдаг. Тэр маань намайг дандаа ирлэж явдаг байхгүй юу” гэж мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж хэлсэн байна лээ. Сонсож байна уу. Их аварга хүртэл өөрийгөө хүнээс дутуу гэж үнэлэн, дутуугаа гүйцээхийн төлөө ухаан бодлоо чилээж, эр бяраа хөвчилж, өөрийгөө ирлэж суудаг байна шүү дээ. Бусдаас дутуу гэж өөрийгөө голж чамлаад, урвайж унжийгаад суугаад байвал дутуу чигээрээ л үлдэнэ. Тэр ч бүү хэл илүү, дутуугийн хоорондох зай холдон холдсоор байх вий. Чамаас илүү гэж чиний бодож байгаа тэр хүн тийм ч хол илүү биш.

Чи тууштайхан, хичээж чармайгаад оролдоод үзвэл илүү дутуугийн зааг ялгаа тун багасаж байгаа нь аяндаа ойлгогдоно. Нэг л өдөр эн зэрэгцэн ирж, өөрийгөө дутуу биш гэдгээ мэдэрч, хол илүү гарах хүслийн жигүүр чамайг өд шиг хөнгөн хөтлөх болно. Гагцхүү өөрөө хичээх хэрэгтэй. Итгэл байваас бүх юм амьд, бүх юм утга төгс болдог. Өөрийн итгэлийг сэргээж чадсан хүн бусдад ч итгэж эхэлнэ. Бусдын итгэлийг хүлээх нь хэн бүхэнд жаргал, таашаал болдог. Тэр тусмаа танихгүй хөндлөнгийн хүнээс хүлээх итгэл чухам гэнэтийн бэлэг шиг мэдрэмж төрүүлдэг. Түмэн хүн холхисон олон хөлийн газар хэн нэгэн таньж мэдэхгүй хүн та миний ачааг түр харж байхгүй юу гэж олны дундаас чамд итгэн хандвал чи өөрийнхөө ачаа бараанаас илүү тэр хүнийхийг нүд цавчилгүй ширтэн, өндгөө дарсан шувуу мэт хамгаалах болно.

Олны дундаас чамд итгэлээ шүү дээ. Энэ итгэл чамд баяр баясал, таашаал мэдрэмж, хариуцлагыг хамт авч ирнэ. Итгэл бол асар их хүч гэдгийг чи тохиолдлын энэ жижиг үйлээс төвөггүй ойлгоно. Хэн нэгэнд үнэн голоос итгэх аваас тэр чамайг хуурч чадахгүй. Насан туршдаа итгэлийг чинь найдвартай, нандигнан хадгалагч, итгэлт хүн чинь байсаар байна. Үнэн голоосоо итгэсэн гэдгийг мэдэрсэн зүрх хуурах алхамд хэзээ ч жолоодохгүй. Аман дээрээ нэгийг яриад, ачир дээрээ нөгөөг хийдэг хүн олны итгэлийг хүлээдэггүй. Түмний итгэлийг дааж явья гэвэл ам, ажил хоёр адил ижил байх учиртай. Өнгөн дээрээ инээд, өрцөн дотроо хорсол тээсэн хүн бусдын итгэлийг удаан хүлээдэггүй. Өрцөн доторхи хорсол өнгөн дээр ил харагдахгүй ч үйлдэл хөдлөлөөр нь ил болж танигдана. Тэр цагт ямар ч хөгжилтэй цагаан инээд итгэл төрүүлж, өрцөн доторхи хорсол заналыг хаацайлж чадахгүй.

Алдаа дутагдлаа ухаардаггүй хүн амьтан хүний итгэлийг олдоггүй. Алдаагаа ухаарах нь амжилт бүтээлийн нөхөр, алдаагаа хаацайлан тайлбар тавих нь уруудал доройтлын хань хамсаа. Алдаа гаргаж болохгүй гэсэн байнгын дарамтан дор байдаг хүмүүс аймхай үхэнц болдог. Тэд хаашаа ч хөдөлж чадахгүйгээр алдаагаа отон суух тавиланд хөтлөгдөнө. Хөдлөх л юм бол ямар нэг байдлаар буруудчихна. Тэгээд нэг л байрандаа ургаа хад шиг хөшиж суусаар насыг илээхэд хүрдэг. Алдаанаас айж уйтан давчуу нүхэнд өөрийгөө бүү хорь. Аль болох баялаг, халгиа цалгиатай амьдар. Алдаанаас ангид хүн тоост орчлонд үгүй. Гагцхүү нэг алдаагаа давтаж болохгүй. Тэгж чадвал чи жинхэнэ утгаар өсч хөгжинө. Алдаан дээрээс оноог ухаарна. Буруу гэдгийг ойлгож байж зөвийг танина. Алдаа дутагдлаа ухаарч ахин давтахгүй байгаа хүнд итгэж болно.

Ил магтаж, далд муулдаг авиртай хүн бусдын итгэл хүлээдэггүй. Тийм хүмүүсийг танимагцаа зайгаа барьж холдох нь өлзийтэй. Харин хайраа дотроо хадгалж, халаа гаднаа гарган, хатуу ширүүн шүүмжилж байгаа хүнтэй холын зайгаа ойртуулан дотнос. Хүмүүс хов живэнд чихэр бурам шиг дуртай. Хов жив амнаас аманд дамжихдаа өөлж муулах хачир чимгээр баяжаад байдаг. Их мөрний усыг элсээр хааж болдоггүйтэй адил ам дамжин яригдах хов живийг хааж хорих аргагүй. Харин багасгаж болно. Багасгах хамгийн сайн арга нь чи өөрөө хов жив ярихгүй байх. Хов жив шимтэн дурлаад байх сайхан зүйл ердөө ч биш. Хамгийн хорлонтой нь хов жив хайран цагийн дайсан.

“Хов жив хорт могойн толгойтой байдаг” учир түүнээс хол байх нь дээр. Хов жив ярих дуртай хүнээс сэтгэлээ нээж, итгэлээ даатган ярих сайн нөхөд нь холдон холдсоор орхин одно. Хов жив ярих дуртай хүмүүс бусдыг өөлж муулахдаа гаргууд байдаг. Хэн нэгний ар хударгаар нь өөлөн тохуурхаж, бах таваа хангах нь сайн хүний шинж биш. Зигмунд Фройдийн бодлоор бол хэн нэгнийг шоолж шоглохын цаана түүнийг үзэн ядсан уур хорсол нуугддаг. Дайран довтлох гэсэн хүсэл тачаадлаа шууд бус аргаар буюу наргианч аясаар ханган түүнээсээ таашаал авдаг гэнэ. Тийм хүмүүс мэр сэр бий. Бурхан дүрт тийм мангасаас сэргийл. Ер нь хүмүүст сайн сайхан юм бэлэглэж чадахгүй бол ядахдаа муу муухай юм битгий хий.

“Итгэлгүй хүнтэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу”. Итгэлийг даана гэдэг хүний шилдэг чанаруудын нэг яах аргагүй мөн. Өөртөө итгэлтэй хүн л бусдын итгэлийг дааж чадна. Өөртөө итгэлгүй хүн бусдын амыг харж, дохио заавараар хөдөлж, эцэс сүүлдээ дөрлүүлсэн сарлаг шиг хөтлөгдөн явах болдог. Өөртөө итгэлгүй хүн ямагт айдас болгоомжлолын шүхэр дор нуугдаж амьдрахад хүрнэ. Өөртөө итгэлгүй хүн нүдтэй мөртлөө сохор, чихтэй мөртлөө дүлий амьдарч байгаа хүнээс онцын ялгаа үгүй.

Өөртөө итгэлтэй хүн өнгөнд мансуурч, мөнгөнд донтож, шалиг балигт живж, эрх мэдэлд улайрах адгийн замыг хэзээ ч сонгохгүй. Тэд үүрдийн золыг умартан, зуурдын жаргалыг хөөцөлдөхгүй. Өөртөө итгэлтэй хүнийг хэн ч цагдаж чадахгүй. Өөртөө гүн бат итгэ. Чи чадахгүйгээ чадна. Сурахгүйгээ сурна. Бэрхийг гэтэлнэ. Хүндийг үүрнэ. Зовлонг туулна. Жаргалыг даана. Өөртөө итгэлтэй болчихвол бусдыг аялдан дагалдахгүй, өөрөө өөртөө зам нээж, итгэл төгс алхана. Ийн алхаж байхдаа жинхэнэ амьд ахуйн эрх чөлөөг сэтгэл тэнүүн мэдэрнэ. Өөртөө итгэлтэй хүн жинхэнэ хувьтай хүн.

Жинхэнэ хувьтай хүн жаргаж байхдаа ч сэрэмж алддаггүй, зовлон дунд ч сэхээ алддаггүй хүн билээ. Өөртөө итгэлтэй, жинхэнэ хувьтай хүн байх боломж хүн бүрт нээлттэй байгаа шүү!

Н.Багабанди

Өөрийн замаа өөрөө бүтээ

Эрхэм залуус аа! Өөрийн замаа өөрөө бүтээ. Та нар амьдралын ямар замаар явах вэ гэдэг сонголтынхоо бэлчир дээр ирсэн байна. Баруун тийш явах уу, зүүн тийш явах уу, урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэх насандаа нэгэнт хүрчээ. Та бүхнийг аугаа их үйл хэрэг хүлээж байгаа. Тэрхүү аугаа их үйл хэргийг гүйцэлдүүлэх уртын урт аян бас хүлээж байна. Аяны харгуй мэдээж дардан биш, энхэл донхолтой, саад бэрхшээлтэй. Тэр бүгдийг зориг тэвчээр заан давах учиртай. Хүн бүхэнд өөрийн гэсэн амьдралын зам бий. Замаа зөв эхлүүл. “Бараг бүх үйл хэрэгт хамгийн хэцүү нь эхлэл байдаг” учир эхлэлээ зөв тавихад туйлын нухацтай хандах ёстой. Сайн эхлэл ажил үйлсийн тал нь гэсэн үг ч бий.

Амьдралын зорилгоо тодорхойл. Аливаа зорилгогүй амьдардаг хүмүүс их мөрний усанд хөвөн одох өчүүхэн зомголын хувь заяатай ив ижилхэн. Урсгал хайшаав, зомгол тийшээ. Тэд амьдралын замаар өөрсдөө ухамсартайгаар явдаггүй, харин тэднийг урсган авч явдаг юм. Урсгал даган хөвж явахгүйн тулд миний найз Ц.Балдоржийн хэлснээр “сөрж амьдар”. Сөрж амьдарсан хүн амжилтанд ч хүрнэ, алдрын оргилд ч гарна.

Амьдралынхаа утга учрыг мэд. “Амьдралынхаа утга учрыг мэддэггүй хүмүүс туйлын эмгэнэлтэй байдаг” гэж нэгэн ухаантан хэлсэн байна. Эртний скандинав хүний сүлд нь зээтүү байжээ. Түүн дээр “Бид зам хайж байна. Зам байхгүй бол замаа бий болгоно” гэсэн цэцэн үгийг сийлсэн байсан гэнэ. Тэд замаа бий болгосон. Одоо та нар өөрийн замаа хай. Байхгүй бол замаа бүтээ. Амьдрах эрчим буцалсан, чармайлт зүтгэлтэй, бүтээлчээр амьдрах замыг сонгон зорихоор эргэлт буцалтгүй хатуу шийдэх хэрэгтэй. Амжилт олсон ихэнх хүмүүс яг та нарын насан дээр өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байдаг. Ингэж чадсанаар тэд аз жаргал, алдар сууг олох замаа бүрэн чөлөөтэй нээж авсан нийтлэг нэгэн зүйл намтар цадигт нь байдаг юм.

Македоны Александр хорьхон насандаа хаан ширээнд сууж, хорин таван насандаа тив дэлхийг эзэгнэсэн хаан болсон. Тэр үе, одоо цаг хоёр чинь тэмээ, ямаа шиг өөр шүү дээ. Би одоо цагт дэлхийг эзэгнэсэн хаан болох юм уу гэж өнгөцхөн, гоомой бодож магад. Тиймээ, одоо цагт ч гэсэн дэлхийг эзэгнэсэн хаан болох бүрэн боломжтой. Та нар усан тэнэг биш, төрөлхийн ухаалаг хүмүүс. Тэр тусмаа хүн бүрт тодорхой сод ухаан бий. Хэрэв түүнийгээ нээж олоод, хөгжүүлж чадвал тэр сод ухаан, авьяас билгээрээ ертөнцийг дагуулах боломж бий. Угаагч хүн насан туршдаа чин сэтгэлээсээ даавуу угаасаар бурхан болж, диваажинд очиж болно гэж ном сударт бичсэн байдаг нь зүгээр ч нэг хоосон үг биш байх.

Та нарын хэрэглэж байгаа интернэт хэмээх их хаант улс дэлхийг бүрхэн эзэгнээгүй гэж үү? Та нарын сонирхон үзэж байгаа киног ертөнцийн өнцөг булан бүрт үе тэнгийнхэн чинь амтархан үзэж суугаа. Энэ бүхнийг тануусын нэгэн адил усан нүдтэй, цусан зүрхтэй төрсөн хүн бүтээж, дэлхийг эзэгнэн мандаж байна. Та нарын сонсох дуртай хамтлаг, дуучдыг орон орны залуус шимтэн сонсож байгаа. Тэд хүн төрөлхтний оюун санааг эзэмдэн, байлдан дагуулж од болон гялалзаж байна. Эд цөм залуу насандаа од болсон шүү дээ. Та нар ч тэдний нэгэн адил их үйлсийг бүтээн цогцлуулж чадна. Энэ бидний хувьд санашгүй санаа, гэтэлшгүй даваа, тэдний явдаг харгуй тусдаа гэж бодож яваа бол туйлын буруу. Амьдрал гэдэг ямагт урагш тэмүүлж, өөдөлж өгсөж, боловсорч, зорьсондоо хүрэхийн нэр. Аугаа зүйлд аугаа эрч хүчээр л хүрнэ. Тэр эрч хүч та нарт байгаа. Одоо харин дээд зэргийн хичээл зүтгэл гаргаж шавхагдашгүй эрч хүчээ дайчлан ашиглах хэрэгтэй.

Хүний дур зорго гэж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй мөртлөө замыг зааж залж явдаг шидэт зүйл бий. Дур зорго дөнгөж сургаж эхэлж байгаа эмнэг үрээ шиг зүг чиггүй, хамаа намаагүй, хар хурдаараа цойлон урагшлах гээд байдаг. Ялангуяа залуу хүний дур зорго ёстой л дөрвөн зүг найман зовхист тэмүүлэн тэлүүлэнэ. Замаа бүтээхэд дур зоргоо зөв залах нь онцгой чухал үүрэгтэй. Дур зорго нь хүн өөрөө хэнтэй ч хуваалцахгүйгээр насан туршдаа төгс өмчилж чадах цорын ганц өв хөрөнгө юм. Түүнийгээ хааш нь залж, юунд зарцуулах нь чиний эрх. Дур зоргыг зөв тал руу хандуулах уу, буруу тийш залах уу гэдэг нь хүн бүрийн өөрөө хариуцан шийдэх асуудал. Зугаа цэнгэл хийгээд тачаал хөөхөөр зүглэж чиглэсэн дур зорго богино хугацааны дотор чөтгөр шулмын мөн чанарт хувилж, оюун ухаан нь түүний боолын боол, босгоны шороо болон дарлагдах аюултай.

Атаа жөтөө, шунал тачаал, мунхарлын хар хорыг сэтгэлдээ бүү тариал. “Муу үр хурдан соёолдог” юм. Муу үр нэгэнт соёолсон бол түүнийг дарж авахад бэрх болно. Хүний шунал тачаал цадигаа алдахаар сэтгэлийн сайхнаа гээж адгуус болох осолтой. “Ямар ч бодож санах зүйлгүйгээр, ёс зүйгүйгээр зугаа цэнгэлд автсан хүмүүсийн амьдралд үнэ цэнэ гэх юм байдаггүй”. Мод цэцэглэхийн тулд эх дэлхийн газар шороонд үндэслэх учиртай. Хүн цэцэглэхийн тулд дур зоргоо зөв зүгт залах ёстой. Сайн сайхныг хөөцөлдөхөөр зүглэж чиглэсэн дур зорго амжилт бүтээл, алдар хүндийн индэр рүү чамайг хөтөлж, оюун ухаан оройн дээд чимэг болон хүндлэгдэж, үнэний амт шимт, эрх чөлөөний баяр баяслаар халгиулна.

Замаа бүтээхэд чинь мэдлэг хэмээх их хүч чамд туслана. Гэхдээ хуурай хусран мэдлэг хэнд ч хэрэггүй. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, хэрэгжүүлэх тийм мэдлэг чиний замыг гэрэл гэгээ болон гийгүүлнэ. Бүх хэрэгцээг чинь бэлэн зэлэн бэлдээд, цэцэг барин тосч байдаг амьдралын зам хаа нэгтээ бий гэж хууртан андуурав. Тийм өөгүй тэгш, галт тэрэгний зам шиг гажих займчих чөлөөгүй зам өдий хүртэл хэнд ч заяагаагүй. Ийм замыг аль нэгэн ачтан засан өгч, хөтлөн аваачна гэж амаа ангайн, гараа тосон хүлээвэл холын зэрэглээг голын ус гэж андууран хөөсөөр цангаж үхдэг гөрөөсний гунигт хувь заяанаас өөрцгүй тавилан чамайг хүлээнэ. Амьдралын замыг амар хялбараар төсөөлж болохгүй. Хүний амьдрал гэдэг сайн муу нийлж сав дүүрдэгтэй л адил юм. Тиймээс таатайд нь уягдахгүй, таагүйгээс нь дөлөхгүй амьдралыг иж бүрнээр нь хүлээн авч туулах сэтгэл зүйн бэлтгэлтэй бол. Ингэж чадсан нөхцөлд амьдралд чинь тохиож болох аагим халуун ган гачиг ч, хахир хүйтэн зуд ч чамайг сөхрүүлж дийлэхгүй. Толгодын цаана зовлон отож, инээдэн цаана нулимс нуугдаж, цэцгэн цаана өргөс арзайдаг гэдгийг таньж ухааран, хувь зохиолын хамгийн сайханд тэмүүл, гэхдээ адгийн мууд нь бэлэн байгтун.
Хямдхан амьдрал энэ орчлонгийн хаана ч байхгүй. “Өөртөө хямдхан амьдрал хайж яваа хүн л жинхэнэ өрөвдөлтэй нэгэн” байдгийг мэдээрэй. Байхгүй юмыг хайна гэдэг ухаангүй хэрэг. Харин “олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж явах” нь ухаантай хүний үйлдэл.

Замаа бүтээхэд эр зориг чамд гайхамшигтай тус болно. Зүрх зоригтой хүн шиг хувьтай хүн үгүй. “Аймхай хулчгар хүн гамшигт унадаг” гэж сударт өгүүлсэн байдаг бол Оросын цэргийн алдарт жанжин Суворов “Зориг зүрхгүй хүн заавал ялагддаг” гэх үгийг үргэлж хэлдэг байж. Аймхай хулчгар, эргэж хургасан хүн эхнээсээ л үүнийг хийх бололцоогүй гээд бодчихдог тул зорьсондоо хүрч чадалгүй мохдог. “Зориг байгаа газар зам нээгддэг”. Их эртний энэ зүйр үг эргэлзээгүй үнэн билээ. Ямар нэг зүйлийг хийе бүтээе гэж зориглон шийдсэн хүн олон тооны саад бэрхшээлийг итгэлтэйгээр сөрж, туулан давж, зорьсондоо нүүр бардам хүрдэг. Би заавал чадна гэсэн бодлыг зүрх сэтгэлдээ тээж яваа хүний хийхээр зорьсон арван зорилгын найм, ес нь лав биелнэ байх аа. Зүрх сэтгэлээсээ шийдсэн шийдэл авьяас чадварын охин тэнгэрийн онгод хүчийг шингээж авдаг болохоор эргэлзээгүй биелнэ.

Амьдралын замаа засахдаа авхаалжтай сэргэлэн, ажиг мэдрэмжтэй бай. Агшин бүр авхаалжтай байж чаддаггүй хүмүүс л эргэн тойрондоо зохиомол хана хэрэм босгож, тэрэн дотроо нойрмоглож үүрэглэж сууна. Ямар ч орчин нөхцөлд авхаалж мэдрэмжтэй зохирч зохицож сур. Яг л сүү шиг. Сүүг аяганд хийвэл аяганы хэлбэрт орно. Бортгонд хийвэл тэр хэлбэрт очно. Сүү шиг цагаан сэтгэлтэй, тэгээд сүү шиг уян налархай байгтун. Чиний явах замын зургийг хэн ч бэлдээгүй. Чи өөрөө зурж, өөрийн мөрийг үлдээж явна. Зөв замаа олохын тулд чи олон удаа буруу хаалга тогшиж мэднэ. Энэ бүхэндээ гуниж гутрах хэрэггүй. Зөв замаа бүтээж чадна гэдэг итгэлээ л хэзээ ч хаяж, гээж болохгүй. Өөрөө замаа олоогүй байж бусдад замчлах гэж бүү мунгина.

Залхуу хүний амьдралын зам намагт вааглах мэлхийнийхтэй төстэй. Залхуу залхагийн муу зуршилд идэгдэж, залхуу хойргод уусаж, үүлгэртэж амьдрах нь орчин цагийн залуу хүн чиний амьдралын зам байж яавч болохгүй гэдгийг бодогтун. Бүх хүн амжилт ололтын оргилд цойлж, амьдралын зам нь гэрэл цацарч явахгүй ээ, мэдээж. Гэхдээ хүн бүр байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, түүнээсээ алхам алхмаар урагшилж, аажим аажмаар дээшлэх эр зориг, эрмэлзэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. “Буй байдалдаа сэтгэл хангалуун явья гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих”.
Амьдралынхаа гэрэлт замыг чи өөрөө бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй бай.

Н.Багабанди

Титэм үг Том ажлаас бүү ай, жижиг ажлыг бүү гол

Аливаа ажил үйлс бүхэн эхлэх, дуусах цагтай, дунд нь үргэлжлэх хугацаатай. Том үйлс бүтээе гэвэл цаг их зарна. Авсаархан жижиг зүйлийг бага цагт амжуулна. Ажлыг эхлэх амаргүй. Янз бүрийн хүмүүсийн төлөвлөсөн ажлаа эхлэх араншин янз бүр. Нэг хэсэг нь зорьсон хэргээ эхэлж чадахгүй, барьж авахаас халган, хойш сууж, цааргалан зүрхшээж цаг алдана. Улмаар энэ зүрх зориггүй үйлдэл нь дадал дасал болж, насан туршид нь хойш чангаана.

Залхуурч хойш суух урагшгүй муу зуршилд хүлэгдсэн хүмүүс хайран цагийг яйран болгон сүйтгэж, өөрийгөө хорлоно. Нөгөө хэсэг нь аажуу алгуур, долоо хэмжиж нэг огтлох хэтэрхий буурьтай хашир зарчмаар хандана. Энэ бол ажилд хандах муу хандлага биш, хөнгөн хийсвэр, тооцоо судалгаагүй гоомой алхмаас сэргийлэх сайн талтай ч үйл явдлын өрнөл их хурдтай, ихэд өрсөлдөөнтэй болсон одоо цагт хөхүүлэн сайшаахад учир дутагдалтай арга барил. Зарим нь шууд ханцуй шамлан барьж авч, зовлонгийн түргэн, жаргалын удаан нь дээр гэх зарчмаар гялалзуулна. Ажлын хувь заяаг шийдвэрлэх нэг гол хүчин зүйл нь хурд. Хурд бол амжилтын үндэс.

Шийдвэр гаргахдаа ч, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхдээ ч хурдтай, эрчтэй ажиллаж байж өршөөлгүй өрсөлдөөнт ертөнцөд тэсч үлдэн, сэтгэл тэнүүн урагш тэмүүлнэ. Бага цагт ихийг амжуулах алтан боломжийг хурд хэмээх шидэт туслагч чамд нээж өгнө. Өрсөлдөгчөөсөө дутуу буюу, ижил хурдтай байгаад түүнээс илүү гарч, ялж дийлнэ гэж хий хоосон мөрөөдөх хэрэггүй. Цагийн үнэлэмжгүй, цаг барих соёлгүй хүн амжилтын төлөөх уралдаанд үргэлж сүүл барин хоцорно. Тийм ч учраас бидний өвөг дээдэс цааз мэдэхгүй хүн эндэж алдах, цаг мэдэхгүй хүн хоцорч алдах гэж сургамжлан захьдаг байж. Гараас нь юм гарахгүй удаан, зүгээр суугаагүй мөртлөө бүтээл нь харагдахгүй хүн үнэхээр залхуутай. Тийм хүмүүсийн яст мэлхийнийх шиг удаан хөдөлгөөн, босож суух нь хүртэл хурдан гавшгүй хүнд дотор бачуурам тээртэй харагддаг юм. Хурдан гавшгай хүн урамтай.

Ямар ч ажлыг хийх цаг хугацаа байхын зэрэгцээ, ээлж дараалал гэж бий. Холыг харж, ихийг бүтээхээр сэтгэл зоригоо хөвчилсөн бол том ажлаас шантралгүй зориглон барьж ав. Том ажилтай зууралдан нухлуулах тусам, элдүүр чинь ханан, томоор сэтгэж, томыг бүтээх эрч хүч хуримтлагдан, ид хав сууна.

Сургуулиа төгсөж, ажил амьдралын замаа хөөхөөр мордож буй шавь нартайгаа багш нь уулзаж, захиас сургамжаа хайрлав. Багш нь том шилэн сав шавь нартаа өгч түүнийг эхлээд чулуугаар дүүргэхийг даалгав. Шавь нар нь болгоомжтой аргагүй хөдөлж чулуугаар дүүргэжээ. Одоо завсар зайгаар нь нь хайрга хий гэв. Хайрга хийлээ. Элс хийж чигжихийг үүрэгдэв. Элс хийлээ. Одоо ус хий гэв. Ус хийж, шилэн сав зай завсаргүй дүүрлээ. Би ямар зорилгоор энэ бүхнийг хийлгэсэн гэж та нар бодож байна гэж багш асуув. Шавь нарын зарим нь хүний амьдрал шил мэт эмзэг, шилийг хагалчихалгүй чулуу хайргыг болгоомжтой хийхийн адил амьдралдаа маш  болгоомжтой бай гэдгийг ухааруулсан гэж байхад нөгөөх нь амьдралдаа нягт нямбай, нэн чамбай хандахыг сургалаа, ажил хийвэл дуустал нь хийж бай гэж санууллаа гэх мэтээр бодол санаагаа тус бүртээ хэллээ.

Та нарын хэлж ярьж байгаа бүгд зөв, үнэн. Та бүхэн ажил амьдрал дээр гараад олон асуудлыг бие даан шийднэ. Миний хэлэх гэсэн гол зүйл бол та нар эхлээд чулуу шиг хамгийн том ажлаа барьж авч хийх хэрэгтэй. Дараа нь хайрга, элс, ус гэх мэт дараалалтайгаар ажил асуудлаа шийдэж байгаарай.
Зарим хүн ажлыг жижгээс нь эхэлж хий гэж сургадаг. Хүн хийж байгаа ажил, амьдарч байгаа байдалдаа дасамхай. Жижиг сажиг зүйлээр оролдон, том ажлын амтыг мэдрэлгүй бэргэсээр, хийж бүтээх хайран залуу насаа үр ашиггүй өнгөрөөж дээ гэж хожим нь харамсан халаглана. Та нар энэ амьдралаа жижиг зүйлстэй зууралдан үр дүнгүй өнгөрөөж дээ гэхгүйгээр бүтээлч, бахархалтай, томд зорьсон тэмүүлэлтэй ажиллаж амьдрах ёстой хэмээн багш нь сургамжлав.

Залуу насандаа ажил хөдөлмөрийн амар хялбарыг биш, адармаатай ээдрээтэйг нь, хүнд хүчрийг нь сонгон барьж авч ноцолд. Амар хялбар амьдралаас сурах юм бага, үлдэх үлдэц өчүүхэн. Хүйтэн бороонд цохиулах тусам нялх ногоо суга суга ургадгийн адил хүнд хүчир ажилд нухлагдах тусам залуу хүн суга суга өсдөг юм. Зовлон бэрхшээлийг хатамжлан туулсан хүн ган төмөр мэт хатаагдан чангарна. Чиглэсэн тодорхой зорилготой, чивчирч тогтсон эр зоригтон өвдөг дээрээ сөхрөн уналаа ч гэсэн унах бүртээ улам чадалтай болон хөл дээрээ баттай босч ирнэ. Залуус идэж унтах, наргиж цэнгэхийг энэ яваа насны чин хүслэн, амьдралын утга учир мэтээр ойрхон сэтгэж ухаан бодлынхоо тэг гортигийг түүгээр хязгаарлан татаж явцуурвал туйлын харамсалтай. Идэж унтах, тоглож наадах нь хүний хэрэгцээ мөн. Гэхдээ амьдрах гэдэг ямагт урагш тэмүүлж, өөдөлж өгсөн боловсорч, зорьсондоо хүрэхээр тэмүүлэхийн нэр гэдгийг ганц хором ч мартаж болохгүй.

Том, бага аль ч хэрэгт хандах нягт нямбай байдал уг ажлыг чанартай хийж дуусгахын амин сүнс нь юм. Хайш яйш, салан задгай, эмх цэгцгүй хүнээс гайхалтай үр дүн хүлээх хэрэггүй. Тэдний хийж дуусгасан гэх ажил нь хүртэл түүхий шүүрхий, дутуу сүнстэй, доголдол гологдлоо өнгө будгаар халхалсан төдий л байна. Нягт нямбай ажиллагааны амин сүнс нь сэтгэл юм. Аливаа үйл хэрэгт сэтгэл зүрхээ зориулж байж нягт нямбай үйлдэнэ. Төрөлхийн нягт нямбай, урамтай сайхан хүмүүс байдаг. Сурч дадах, хичэан мэрийх замаар нягт нямбай ажиллагааг хэн ч боломжийн хэмжээнд эзэмшиж чадна. Юмс үзэгдэлд харц анхаарлаа төвлөрүүлэн маш анхааралтай ажиглаж сур. Нүдтэй болгон нь хардаг боловч олж харах нь цөөхөн байдаг юм. Ажиглаж, олж харж сурах нь нягт нямбай ажиллагаанд суралцахад онцгой ач холбогдолтой. Олж харсан зүйлсээ ой ухаандаа тогтоож, хийх зүйлийнхээ мөн чанар, дэс дарааг тархи толгойдоо ургуулан бодож дүрслэн, нарийн нягт нямбай ажиллагаанд суралцахад чинь тус болно. Хийсэн ажлаа өөрөө нарийн нягт хянаж, шалгаж сурах нь нэн чухал. Өөрийн хийсэн ажилд өөрөө сэтгэл ханамжтай байвал дээд зэргийн таашаал эдлэн, аз жаргалыг мэдрэх болно. Нүд хуурах, оромдох, ор нэр болгох гэх мэт үг, үйлдлийг ой ухаан, үйл ажлаасаа эгнэгт авч хаян мартах хэрэгтэй.

Мөс чанар сайтай, ажил албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, чих зөөлөн, хөдөлгөөн хурдан боловч ажил хэргээ нягт нямбай явуулж чадахгүй бол итгэл хүлээхгүй, бусдад тоогдохгүй. Ийм хүнээр хийлгэсэн ажлыг дахин дахин хянаж зааварлахгүй бол болдоггүй. Тийм ажил сэтгэлд  тээртэй, яс янгинам ядаргаатай. Салан, замбараагүй нэгний ажлыг хянан зааварлан мэдрэлийн эсээ хороож байснаас өөрөө барьж аваад шинээр хийчих нь хавьгүй дээр. Ажил хэргийг зохион байгуулахад нарийн нягт нямбай ажиллагаа юугаар ч орлуулшгүй эрхэм. Зүү орох зайгүй бодож төлөвлөн зохион байгуулсан ажлын явц гайхам цэгцтэй, үр дүн нь бахархам амжилттай. Нягт нямбай хүний үйлдлийг хөндлөнгөөс нь харахад ядаргаатай мэт байдаг ч ажлын үр дүн нь бахархалтай үлддэг юм. Нягт нямбай хүн бусдын итгэлийг дааж, хүндлэлийг хүлээнэ.

Жижиг чимхлүүр ажлыг бага гэж гололгүй хийж,  дадлага туршлага сууж байх нь том үйлийн хөтөч болон залж, зам гүүр болон хүргэхэд тусална. Жижиг зүйлийг хийж чадахгүй байгаа хүнийг том юм хийнэ гэж найдаж хүлээхийн хэрэггүй. Дан ганц томын мөрөөдөлд умбаад жижиг зүйлсийг анхаарлаасаа гаргачихвал алдах магадлал ихэснэ. Өчүүхэн жижиг сажиг зүйлд ч цаг үргэлж анхаарал тавьж, хараа хяналтдаа байлгах нь хүний хөгжил дэвшлийн нэг эх ундарга байдаг гэдгийг амжилт олсон алдартнуудын явж өнгөрсөн зам мөр тов тодхон зааж өгч байна.  Бага шиг ажлыг бахархам амжилттай хийж дуусгах нь түүнээс олон дахин том ажлыг дуусгалгүй дунд нь орхих буюу дутуу дулимаг хийхээс хавьгүй дээр. “Хүн бүхэнд оногдсон ажил гэж байх бөгөөд ажил хэрэг бүхэнд хийх цаг гэж бий”. Оногдсон  ажлаа цагт нь хэнээс ч дутахгүй хийж, ажилдаа эзэн бол. Тэгэхдээ том ажлаас бүү ай, жижиг ажлыг бүү гол.

Н.Багабанди

Титэм үг ЧАРМАЙЛТ бол амжилтын эх мөн

Амжилт ололтын оргил өөд мацан авирахыг бодож   мөрөөддөггүй залуу хүн энэ орчлонд байхгүй байлгүй. Амжилт ололтыг хаа нэгтэйгээс хэн нэгэн ачтан буянтан хишиг болгон хайрладаггүй, түүнийг эзэн хүн уйгагүй хичээл зүтгэлээрээ бүтээн дархлана. Тийм ч учраас аз жаргалыг төрүүлэгч ээж нь хичээл зүтгэл мөн гэж хэлдэг байх. Төрөлхийн авьяас билгээрээ амжилтын оргилд гарсан алдартнууд бий. Авьяас бол тэр болгонд заяагаад байдаггүй бурхны хишиг.

Гэхдээ л махран чармайн хөдөлмөрлөхгүйгээр дан ганц авьяасын хүчээр алдрын тавцанд хүрсэн суу билигтэн нэг ч үгүй. “Суу билиг эхлэлийг  тавьж болно. Үйл хэргийг гүйцээхэд тэв­чээр, хөдөлмөр хэрэгтэй”. Амжилтад аз хөтөлдөг гэж хэл­дэг, боддог хүмүүс бий. Сугалаагаар гэнэт их мөнгө хожих нь аз мөн. Азыг буй болгон бүтээдэггүй, аз хүнд заяадаг, хааяа хааяахан азын тэнгэртэй аавын хүү, ээжийн охинд таарч тохиодог буян хишиг. “Амжилт гэдэг бол арван хувийн аз, ерэн хувийн хөлс” гэх үг байна. Тэгэхээр амжилтанд хүрэхийн тулд хөлсөө ахиухан дуслуулж хөдөлмөрлөх хэрэгтэй байх нь ээ. Амжилтад хүрсэн хүмүүс цаг бол алт гэдгийг маш сайн мэддэг, цаг хугацааг дээд зэргээр ашиглаж сурсан гайхамшигт дэглэмтэй байцгаасан. Цагийг үр бүтээлтэй ашиглаж сурсны ачаар шороон дээр сууж байсан олон хүн алтан дээр суусан жишээ захаас аван бий. Бусдаас ахиу хурдтай, илүү гавшгай байж тэднээс давсан амжилт олох магадлалтай. “Хурдан шуурхай байх нь аливаа үйл хэргийн амин сүнс нь байдаг”. Бүхнээс нягт нямбай, нарийн чамбай ажилладаг хүнд амжилтын бариа илүү ойрхон байна.

Ус чийггүйгээр өвс ургамал ургадаггүйн адил гүйцэтгэх чадваргүй хүн амжилт олно гэж байхгүй. Цаг хугацаа, үйл ажлаараа шалгагдсан гүйцэтгэх чадварын ханш өндөртэй хэн ч гэсэн эрээд олдохгүй эрдэнэ гэдэг шиг эрэлт хэрэгцээтэй. Гүйцэтгэх чадвар сайтай байна гэдэг нь ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч, бас дээр нь санаачлагатай байхыг хэлнэ. Аливаа хүн нүдэнд харагдах гэж гүйж харайснаараа бус, нүдэнд харагдахуйц гүйцэтгэж бүтээснээрээ үнэлэгдэнэ. Хүмүүс чамайг хэрхэн үнэлж байна чи илүү ч үгүй, дутуу ч үгүй тийм л үнэлгээтэй. Хүн бүрт өөрийнх нь хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүрэг бий. Хийх ажил, гүйцэтгэх үүргээ цаг хугацаанд нь, өөлөх зүйлгүй чамбай, голох юмгүй чанартай хийж, хэлсэн үгэндээ ч, хийх ажилдаа ч эзэн болох нь гүйцэтгэх чадвар сайтай хүмүүсийн нийтлэг дүр төрх.

Чөмгөө дундартал чармайн ажиллаж, хийж буй ажилдаа чин сэтгэлээ шингээн хөдөлмөрлөж байгаа хүн зорилгоо биелүүлж, зорьсондоо заавал хүрнэ. “Алдар хүнд, амжилт ололт өөд ганц зам хөтөлдөг. Энэ бол хөдөлмөр. Өөр замаар түүнд хүрэхийг хүссэн хүн хулгайгаар хилийн худалдаа хийгчтэй адил”. Алс газарт хүрэхийн тулд олон уул даваа, ус мөрнийг гатлан, замын ачаалал зүдэргээг амсч мэдрэн очдог бол амжилтад хүрэхийн тулд олон сорилт шалгалт, бэрхшээл саадыг даван туулж, зовлон зүдэргээг шүд зуун гэтлэх хэрэгтэй болно. Саад бэрхшээл хүнийг сөхрүүлж туйлдуулахын тулд замд хөндөлсдөггүй, даван туулахын тулд байдаг юм. Саад бэрхшээлээс зүрхшээн шантрагч амжилт ололтын барианы зурхайд хүрч чадахгүй, замын хугаст эргэж хурган, зүрх алдан зогсож, зорьсондоо хүрэлгүй буцна. Тийм хүмүүсийг амжилтын наран хэзээ ч гийгүүлэхгүй.

Хүмүүс аян замд мордохдоо хаанаас гараад, хаагуур дайрч, хаана хүрэхээ тооцдогийн адил юунд, хэзээ, яаж хүрэхээ урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл амжилтыг төлөвлө. Би үүнийг заавал хийж чадна гэсэн эргэлзээ тээнэгэлзээгүй сэтгэл зүйн бэлтгэл, итгэл үнэмшилтэй болж байж алив ажил чинь амжилттай өндөрлөнө. “Итгэл, сэтгэлтэй хүн хамгийн хэцүү ажил дээр ч амжилт гаргадаг, харин хамгийн өчүүхэн эргэлзээнд автах л юм бол өнгөрдөг”. Ажлаа зөв эхлэх хэрэгтэй. Мордохын хазгай болж болохгүй. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай. “Эхлэл нь муу бол төгсгөл нь тийм” гэсэн үг ч бий.

Эргэж буцсан, шийдэж чадахгүй эргэлзсэн хүмүүс амжилтаас байнга хоцордог. “Урьдчилан өөрийгөө ялагдсанд тооцдог хүн жинхэнэ тэмцэл эхлэхээс өмнө тал хувиар үнэнхүү ялагдсан байдаг”-ийн адил шийдэж чадахгүй эргэлзсэн хүмүүс хүрч болох амжилтынхаа тал хувийг ажлаа эхлээгүй байхдаа аль эрт алдсан байна. “Гол төлөв үйл хийхээр шийдсэн хүмүүст амжилт ирдэг. Харин юмыг зөвхөн цэгнэн сууж, алгуурладаг хүмүүст амжилт ховор олддог”.

Амжилтад хүрэх зам хэзээ ч шулуун дардан байдаггүй. Азгүйтэл, бүтэлгүйтэл алхам тутам отож, сүүдэр мэт дагана. Бүтэлгүйтлийн хар бараан үүл хуран хуралдаж, дөтлөн ойртож байсан амжилтын нарыг түр зуур халхлахад цөхөрч цочирдох хэрэггүй. Аадрын дараа нар манддаг жамтай. Нүүрлэн ирсэн бүтэлгүйтэлд бүдэрсэн ч түүнээс сургамж авч, хашир суун, хөл дээрээ улам хүчтэй босч ирсэн хүн тэрхүү бүтэлгүйтлийн төгсгөлийг амжилтын эхлэл болгон хувиргаж чадна. Эхний бүтэлгүйтэлдээ зориг мохон шантарвал, дараа дараагийн бүтэлгүйтлээс нуруугаа авсан морь шиг эмзэглэн халирч, бүтэлгүйтлийн ангалд босч ирэхгүйгээр ойчно. Амжилт зоригтныг дагана. Зориг зүрхгүй аймхайчууд эрсдэл хийх чадваргүй. Эрсдэл хийхгүйгээр амжилт олох нь гантай жилийн бороо шиг ховор тохиолдол. Эр зоригтой ухаалаг хөдөлж, эрч хүчтэй хичээн зүтгэж байж амжилтын оргил өөд алхам алхмаар дөхнө. Уйгагүй хулгана уулыг нүхлэнэ гэдэг шиг ямар нэг ажлыг хийж бүтээхээр уйгагүй чармайн ажилласан хүн амжилт олох нь эргэлзээгүй. “Зоригтой хөдөлсөн хүнд гол төлөв амжилт тохиодог, харин хулчгар зан гаргаж, аливаа уршгаас байнга болгоомжилдог хүнд амжилт ховор олддог”.

Амжилт, залхуурал хоёр гал, ус мэт харш. Гараа хөдөлгөж, тархиа ажиллуулах дургүй залхуучуудаас амжилт ололт анч нохдод хөөгдсөн гөрөөс шиг зугатан зайлна. Ямар ч ажил, үйлдлийг хойш тавин алгуурлах буруу зуршил залхуучуудын бие сэтгэлийг хөдөлгөхгүйгээр баглаж хүлсэн байдаг. Өнөөдөр хийх ажлыг маргааш гэж, одоо хийх зүйлийг дараа гэж хойшлуулах тусам ам тостох амжилт тэр хэмжээгээр алслан холдсоор байна. Залхуурал бол хүнд буг мэт шүглэсэн адгийн гажгуудын эх үүсвэр билээ. Залхуу хүн гавьяат үйл бүтээж, гайхалтай амжилтанд хүрнэ гэж хий хоосон хүлээх, тэвнийн сүвэгчээр тэмээ сүвлэх хоёр ижилхэн үр дүнтэй. Гар хумхин зүгээр суух, дэр дэрлэн хажуулан хэвтэхээс өөрийг хийхгүй залхуу зангаас салахгүй бол хэнд ч хэрэггүй байсаар хатаж үгүй болдог хорт мөөг шиг хувь тавилан гунигтайгаар хүлээх болно.

Амжилт хариуцлагыг дага­на. Ажлаа арван хуруу шигээ мэддэг, эрхэлсэн ажилдаа эзэн болдог хариуцлагатай хүн хэ­­зээд амжилтын эзэн байх тавилантай. Хариуцлагагүй хүнд хариуцуулсан ажлын хувь заяа, цоорхой хувинд ус хийх хоёр адилдаа адил. Эрхэлсэн ажлынхаа сайн, саар аль ч үр дүнг өөр хэнтэй ч хуваалцахгүй зөвхөн өөрөө хариуцлагыг нь үүрэхээр ажлын зохион байгуулалтыг хангах хэрэгтэй. Хариуцлагыг хагас дутуу үүрүүлсэн газарт сайнаа өөртөө нааж, саарыг бусдад нялзаах буруу сонирхол буглан үүрлэнэ. Хүмүүс ямар нэгэн зүйлд бүрэн хариуцлага үүрснээр илүү үр дүнтэй ажиллаж, авьяас чадвараа нээн дайчилж, улмаар амжилт олдог юм.

Биеийг амьд явуулах зүйл нь хоол унд бол сэтгэлийг амьд явуулах зүйл нь найдвар. Амжилт олно гэсэн найдварын галаа ямар ч нөхцөлд унтрааж болохгүй, найдварын гал үргэлж асаастай байх учиртай. Модны үндэс ялзарвал мөчир нь хатдаг шиг найдварын гал унтарвал амжилтын бүх мөчир тэр дороо хатаж, хумхийн тоос болон хийснэ. “Цөхөрч ч бай, эргэлзэж ч бай, инээж ч бай, ямагт найдаж байх хэрэгтэй”.

Саад бэрхшээлгүй, цэцэг бүрхсэн замаар шулуухан хурдалсаар амжилтын оргилд үсрэн дүүлэн хүрнэ гэж хөнгөн гоомой бодож тооцон, хий хоосон мөрөөдөж, өөрийгөө хуурах хэрэггүй. Амжилтад хүрэх бэрхшээл зүдэргээнт аян чиний сэтгэлийн хат, биеийн тэвчээрийг алхам тутам шалгах болно. Хэн үл шантарна, тэр зайлшгүй хүрнэ. Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлагч тэвчээр муутай хүн амжилтын оргилд хүрэлгүй бэл хормойгоос нь буцдаг. Бэрхшээлийн өмнө сөгдөн сөхрөхгүй, тэвчээр заан даван туулж байж бахдам амжилтад хүрч өнгө алаглаж, баяр бялхсан мөчтэй учирна. “Амжилтыг амьдралдаа хүний хүрсэн байр сууриар төдийгүй, амжилт олохын тулд түүний даван туулсан саад тотгороор хэмжих хэрэгтэй”. Чармайн зүтгээд амжилт олж чадаагүй ч чадах бүхнээ хийсэн хүнийг зүй ёсоор үнэлэн хүндэтгэ. Хүн өөрийнхөө илүү мэддэг, илүү чаддаг, хичээн зүтгэж хүчлэн чармайсан тэр л салбартаа амжилтад хүрнэ. Сүр дуулиант, сүрдэм нүргээнт амжилтын оройд цойлон гарлаа ч амжилтаараа битгий сайрх, алдар хүндэд бүү мансуур, даруухан даруулгатай байцгаа!

Н.Багабанди

Шошгон цуваа