Аливаа ажил үйлс бүхэн эхлэх, дуусах цагтай, дунд нь үргэлжлэх хугацаатай. Том үйлс бүтээе гэвэл цаг их зарна. Авсаархан жижиг зүйлийг бага цагт амжуулна. Ажлыг эхлэх амаргүй. Янз бүрийн хүмүүсийн төлөвлөсөн ажлаа эхлэх араншин янз бүр. Нэг хэсэг нь зорьсон хэргээ эхэлж чадахгүй, барьж авахаас халган, хойш сууж, цааргалан зүрхшээж цаг алдана. Улмаар энэ зүрх зориггүй үйлдэл нь дадал дасал болж, насан туршид нь хойш чангаана.

Залхуурч хойш суух урагшгүй муу зуршилд хүлэгдсэн хүмүүс хайран цагийг яйран болгон сүйтгэж, өөрийгөө хорлоно. Нөгөө хэсэг нь аажуу алгуур, долоо хэмжиж нэг огтлох хэтэрхий буурьтай хашир зарчмаар хандана. Энэ бол ажилд хандах муу хандлага биш, хөнгөн хийсвэр, тооцоо судалгаагүй гоомой алхмаас сэргийлэх сайн талтай ч үйл явдлын өрнөл их хурдтай, ихэд өрсөлдөөнтэй болсон одоо цагт хөхүүлэн сайшаахад учир дутагдалтай арга барил. Зарим нь шууд ханцуй шамлан барьж авч, зовлонгийн түргэн, жаргалын удаан нь дээр гэх зарчмаар гялалзуулна. Ажлын хувь заяаг шийдвэрлэх нэг гол хүчин зүйл нь хурд. Хурд бол амжилтын үндэс.

Шийдвэр гаргахдаа ч, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхдээ ч хурдтай, эрчтэй ажиллаж байж өршөөлгүй өрсөлдөөнт ертөнцөд тэсч үлдэн, сэтгэл тэнүүн урагш тэмүүлнэ. Бага цагт ихийг амжуулах алтан боломжийг хурд хэмээх шидэт туслагч чамд нээж өгнө. Өрсөлдөгчөөсөө дутуу буюу, ижил хурдтай байгаад түүнээс илүү гарч, ялж дийлнэ гэж хий хоосон мөрөөдөх хэрэггүй. Цагийн үнэлэмжгүй, цаг барих соёлгүй хүн амжилтын төлөөх уралдаанд үргэлж сүүл барин хоцорно. Тийм ч учраас бидний өвөг дээдэс цааз мэдэхгүй хүн эндэж алдах, цаг мэдэхгүй хүн хоцорч алдах гэж сургамжлан захьдаг байж. Гараас нь юм гарахгүй удаан, зүгээр суугаагүй мөртлөө бүтээл нь харагдахгүй хүн үнэхээр залхуутай. Тийм хүмүүсийн яст мэлхийнийх шиг удаан хөдөлгөөн, босож суух нь хүртэл хурдан гавшгүй хүнд дотор бачуурам тээртэй харагддаг юм. Хурдан гавшгай хүн урамтай.

Ямар ч ажлыг хийх цаг хугацаа байхын зэрэгцээ, ээлж дараалал гэж бий. Холыг харж, ихийг бүтээхээр сэтгэл зоригоо хөвчилсөн бол том ажлаас шантралгүй зориглон барьж ав. Том ажилтай зууралдан нухлуулах тусам, элдүүр чинь ханан, томоор сэтгэж, томыг бүтээх эрч хүч хуримтлагдан, ид хав сууна.

Сургуулиа төгсөж, ажил амьдралын замаа хөөхөөр мордож буй шавь нартайгаа багш нь уулзаж, захиас сургамжаа хайрлав. Багш нь том шилэн сав шавь нартаа өгч түүнийг эхлээд чулуугаар дүүргэхийг даалгав. Шавь нар нь болгоомжтой аргагүй хөдөлж чулуугаар дүүргэжээ. Одоо завсар зайгаар нь нь хайрга хий гэв. Хайрга хийлээ. Элс хийж чигжихийг үүрэгдэв. Элс хийлээ. Одоо ус хий гэв. Ус хийж, шилэн сав зай завсаргүй дүүрлээ. Би ямар зорилгоор энэ бүхнийг хийлгэсэн гэж та нар бодож байна гэж багш асуув. Шавь нарын зарим нь хүний амьдрал шил мэт эмзэг, шилийг хагалчихалгүй чулуу хайргыг болгоомжтой хийхийн адил амьдралдаа маш  болгоомжтой бай гэдгийг ухааруулсан гэж байхад нөгөөх нь амьдралдаа нягт нямбай, нэн чамбай хандахыг сургалаа, ажил хийвэл дуустал нь хийж бай гэж санууллаа гэх мэтээр бодол санаагаа тус бүртээ хэллээ.

Та нарын хэлж ярьж байгаа бүгд зөв, үнэн. Та бүхэн ажил амьдрал дээр гараад олон асуудлыг бие даан шийднэ. Миний хэлэх гэсэн гол зүйл бол та нар эхлээд чулуу шиг хамгийн том ажлаа барьж авч хийх хэрэгтэй. Дараа нь хайрга, элс, ус гэх мэт дараалалтайгаар ажил асуудлаа шийдэж байгаарай.
Зарим хүн ажлыг жижгээс нь эхэлж хий гэж сургадаг. Хүн хийж байгаа ажил, амьдарч байгаа байдалдаа дасамхай. Жижиг сажиг зүйлээр оролдон, том ажлын амтыг мэдрэлгүй бэргэсээр, хийж бүтээх хайран залуу насаа үр ашиггүй өнгөрөөж дээ гэж хожим нь харамсан халаглана. Та нар энэ амьдралаа жижиг зүйлстэй зууралдан үр дүнгүй өнгөрөөж дээ гэхгүйгээр бүтээлч, бахархалтай, томд зорьсон тэмүүлэлтэй ажиллаж амьдрах ёстой хэмээн багш нь сургамжлав.

Залуу насандаа ажил хөдөлмөрийн амар хялбарыг биш, адармаатай ээдрээтэйг нь, хүнд хүчрийг нь сонгон барьж авч ноцолд. Амар хялбар амьдралаас сурах юм бага, үлдэх үлдэц өчүүхэн. Хүйтэн бороонд цохиулах тусам нялх ногоо суга суга ургадгийн адил хүнд хүчир ажилд нухлагдах тусам залуу хүн суга суга өсдөг юм. Зовлон бэрхшээлийг хатамжлан туулсан хүн ган төмөр мэт хатаагдан чангарна. Чиглэсэн тодорхой зорилготой, чивчирч тогтсон эр зоригтон өвдөг дээрээ сөхрөн уналаа ч гэсэн унах бүртээ улам чадалтай болон хөл дээрээ баттай босч ирнэ. Залуус идэж унтах, наргиж цэнгэхийг энэ яваа насны чин хүслэн, амьдралын утга учир мэтээр ойрхон сэтгэж ухаан бодлынхоо тэг гортигийг түүгээр хязгаарлан татаж явцуурвал туйлын харамсалтай. Идэж унтах, тоглож наадах нь хүний хэрэгцээ мөн. Гэхдээ амьдрах гэдэг ямагт урагш тэмүүлж, өөдөлж өгсөн боловсорч, зорьсондоо хүрэхээр тэмүүлэхийн нэр гэдгийг ганц хором ч мартаж болохгүй.

Том, бага аль ч хэрэгт хандах нягт нямбай байдал уг ажлыг чанартай хийж дуусгахын амин сүнс нь юм. Хайш яйш, салан задгай, эмх цэгцгүй хүнээс гайхалтай үр дүн хүлээх хэрэггүй. Тэдний хийж дуусгасан гэх ажил нь хүртэл түүхий шүүрхий, дутуу сүнстэй, доголдол гологдлоо өнгө будгаар халхалсан төдий л байна. Нягт нямбай ажиллагааны амин сүнс нь сэтгэл юм. Аливаа үйл хэрэгт сэтгэл зүрхээ зориулж байж нягт нямбай үйлдэнэ. Төрөлхийн нягт нямбай, урамтай сайхан хүмүүс байдаг. Сурч дадах, хичэан мэрийх замаар нягт нямбай ажиллагааг хэн ч боломжийн хэмжээнд эзэмшиж чадна. Юмс үзэгдэлд харц анхаарлаа төвлөрүүлэн маш анхааралтай ажиглаж сур. Нүдтэй болгон нь хардаг боловч олж харах нь цөөхөн байдаг юм. Ажиглаж, олж харж сурах нь нягт нямбай ажиллагаанд суралцахад онцгой ач холбогдолтой. Олж харсан зүйлсээ ой ухаандаа тогтоож, хийх зүйлийнхээ мөн чанар, дэс дарааг тархи толгойдоо ургуулан бодож дүрслэн, нарийн нягт нямбай ажиллагаанд суралцахад чинь тус болно. Хийсэн ажлаа өөрөө нарийн нягт хянаж, шалгаж сурах нь нэн чухал. Өөрийн хийсэн ажилд өөрөө сэтгэл ханамжтай байвал дээд зэргийн таашаал эдлэн, аз жаргалыг мэдрэх болно. Нүд хуурах, оромдох, ор нэр болгох гэх мэт үг, үйлдлийг ой ухаан, үйл ажлаасаа эгнэгт авч хаян мартах хэрэгтэй.

Мөс чанар сайтай, ажил албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг, чих зөөлөн, хөдөлгөөн хурдан боловч ажил хэргээ нягт нямбай явуулж чадахгүй бол итгэл хүлээхгүй, бусдад тоогдохгүй. Ийм хүнээр хийлгэсэн ажлыг дахин дахин хянаж зааварлахгүй бол болдоггүй. Тийм ажил сэтгэлд  тээртэй, яс янгинам ядаргаатай. Салан, замбараагүй нэгний ажлыг хянан зааварлан мэдрэлийн эсээ хороож байснаас өөрөө барьж аваад шинээр хийчих нь хавьгүй дээр. Ажил хэргийг зохион байгуулахад нарийн нягт нямбай ажиллагаа юугаар ч орлуулшгүй эрхэм. Зүү орох зайгүй бодож төлөвлөн зохион байгуулсан ажлын явц гайхам цэгцтэй, үр дүн нь бахархам амжилттай. Нягт нямбай хүний үйлдлийг хөндлөнгөөс нь харахад ядаргаатай мэт байдаг ч ажлын үр дүн нь бахархалтай үлддэг юм. Нягт нямбай хүн бусдын итгэлийг дааж, хүндлэлийг хүлээнэ.

Жижиг чимхлүүр ажлыг бага гэж гололгүй хийж,  дадлага туршлага сууж байх нь том үйлийн хөтөч болон залж, зам гүүр болон хүргэхэд тусална. Жижиг зүйлийг хийж чадахгүй байгаа хүнийг том юм хийнэ гэж найдаж хүлээхийн хэрэггүй. Дан ганц томын мөрөөдөлд умбаад жижиг зүйлсийг анхаарлаасаа гаргачихвал алдах магадлал ихэснэ. Өчүүхэн жижиг сажиг зүйлд ч цаг үргэлж анхаарал тавьж, хараа хяналтдаа байлгах нь хүний хөгжил дэвшлийн нэг эх ундарга байдаг гэдгийг амжилт олсон алдартнуудын явж өнгөрсөн зам мөр тов тодхон зааж өгч байна.  Бага шиг ажлыг бахархам амжилттай хийж дуусгах нь түүнээс олон дахин том ажлыг дуусгалгүй дунд нь орхих буюу дутуу дулимаг хийхээс хавьгүй дээр. “Хүн бүхэнд оногдсон ажил гэж байх бөгөөд ажил хэрэг бүхэнд хийх цаг гэж бий”. Оногдсон  ажлаа цагт нь хэнээс ч дутахгүй хийж, ажилдаа эзэн бол. Тэгэхдээ том ажлаас бүү ай, жижиг ажлыг бүү гол.

Н.Багабанди

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: